Мэдээ, мэдээлэл


Бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсөх ангийн сурагчдын улсын шалгалт тун удахгүй орон даяар эхлэх гэж байна.

БШУС-ын сайдын 2018 оны тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын болон сургалтын чанарын үнэлгээний журам”-ын дагуу 2021-2022 оны хичээлийн жилийн бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсөх ангийн улсын шалгалтыг зохион байгуулах бэлтгэл ажил бүрэн хангагдлаа.

Тухайлбал, энэ хичээлийн жилд ЕБС-ийн бага, суурь, бүрэн дунд боловсрол МСҮТ-ийн бүрэн дунд боловсрол эзэмшиж буй суралцагчид улсын шалгалтад хамрагдана.

Боловсролын үнэлгээний төвөөс бага, суурь, бүрэн дунд боловсролын агуулгын хүрээнд улсын шалгалтын сэдэв даалгаврын блупринтийг энэ сарын 25-ны дотор боловсруулан нээлттэй даалгаврын санд байршуулах юм.

Боловсролын үнэлгээний төв нь аймгийн БШУГ, НБГ-тай хамтран блюпринтийн дагуу сэдэв даалгаврыг татаж шалгалтын сэдэв үүсгэх, зөв хариу, засаж үнэлэх аргачлалыг татан авах зэрэг аргазүйн зөвлөмжийг МСҮТ, ЕБ-ын сургуулиудад хүргэх, нэвтрэх эрх олгох ажлыг зохион байгуулна.

Харин ЕБС, МСҮТ нь улсын шалгалтын сэдэв даалгаврыг боловсруулах, хэвлэн олшруулах ажлыг нууцлал ханган чанартай зохион байгуулна.

Аймгийн БШУГ, НБГ нь орон нутгийн хэмжээнд улсын шалгалтын үйл ажиллагааг ерөнхий удирдлагаар хангахын зэрэгцээ МСҮТ болон ЕБС-ийн сэдэв боловсруулах, нууцлал хангах ажилд заавар өгөх, шалгалт зохион байгуулах үйл ажиллагааг хянах, сэдэв боловсруулах болон дүгнэх явцад зөвлөн туслах, интернэтэд холбогдоогүй сургуулийн шалгалтын сэдэв бэлтгэх, хүргүүлэх зэрэг ажлыг хариуцан ажиллах юм.